Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Тайлант үзэсгэлэнгийн талаарх мэдээлэл 2010-11-09 PDF Хэвлэх Имэйл

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 92 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн зарим сургуулиудын 2-5-р ангийн сурагчдад Икс өү компьютер түгээгдээд Монгол улсын хэмжээнд 12000 сурагч, багш нарын сургалтанд ашиглагдаж 3 жил болж байгаа бөгөөд хөтөлбөрийн эхний шат дуусч байгаатай холбогдуулан “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилт, ач холбогдол, сургуулиудын туршлагаас суралцах, дүгнэх, түгээн дэлгэрүүлэх, бага боловсролын агуулгыг электрон хэлбэрт оруулах ажлын явцтай танилцуулах зорилгоор МУБИС-ийн Багшийн сургууль, “Компьютер таймс” сэтгүүлийн газартай хамтран 2010 оны 11 сарын 4- ний өдөр МУБИС-ийн Багшийн сургууль дээр “ Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийн хэрэгжилт 2008- 2010 он тайлант үзэсгэлэнг зохион байгууллаа.

Тайлант үзэсгэлэнд хөдөө орон нутгаас Архангай аймгийн Хүмүүн цогцолбор, Сүхбаатар аймгийн 1-р сургууль, Хэнтий аймгийн Хан-Хэнтий цогцолбор сургууль, Төв аймгийн Баян сумын 9 жилийн сургууль, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13, 40, 51, Гоц авьяастны 93-р сургууль Монгени, Ган зам, Суралцагч - 28, Эрдмийн өргөө, Оюуны ундраа цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн 29, 4-р сургууль, Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай цогцолбор сургууль, Налайх дүүргийн Чандмань цогцолбор, Багахангай дүүргийн Хангай цогцолбор, Хан-уул дүүргийн 52, Сонгинохайрхан дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн 57, Баянзүрх дүүргийн 111-р сургуулиуд амжилттай оролцлоо.

Үзэсгэлэнгийн үеэр: Сургууль тус бүр 1:2 хэмжээтэй талбайд сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, 3-5 минутын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх танилцуулах илтгэл тавьж, 2-5-р ангийн тус бүр нэг шилдэг сурагч, 1 багш “ Би чадна” уралдаанд оролцож, Багшийн сургуулийн оюутнуудын хийсэн цахим хэрэглэгдэхүүнийг нийтийн хүртээл болголоо. Үзэсгэлэнг Улаанбаатар хотын бага ангийн багш нар болон багшийн сургуулийн оюутнууд, хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх үзэж сонирхлоо.

 


 

Үзэсгэлэнд тавьсан бүтээлээс харахад энэ хугацаанд хөдөө орон нутгийн болон нийслэлийн сургуулиудын бага насны хүүхдүүд икс өү компьютерийн “ Зурах” програмыг бүрэн эзэмшиж, уншсан үлгэр, өгүүллэгийн гол санааг уран зургаар илэрхийлж, гайхалтай сайхан бүтээлүүдийг хийж чаддаг болсон байгаа нь олны анхаарлыг татаж байлаа. Хөтөлбөр хэрэгжээд 3 жил болж байгаа ч икс өү компьютерийг анхны жилдээ ашиглаж байгаа зарим хүүхдүүд богино хугацаанд олон зүйлийг мэдэж сурснаа тайлагнасан нь түүнчлэн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй багш нар цаашид ямар чиглэлээр сургалтаа зохион байгуулах, сурагчдаар хийлгэвэл зохих бүтээлийн сан зэрэг олон зүйлийг бусад сургуулиудын багш, сурагчдын бүтээлээс харж, санаа авч, туршлага судалсан нээлттэй сургалт болж чадсан нь өгөөжтэй байлаа.

Энэ бүхнээс дүгнэхэд: Мэдээлэл, харилцааны технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед мэдээллийн технологийн боловсрол шинэ зууны иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, хэрэглээ болж, цөөн хүн амтай, таруу суурьшил, өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд эх нутгаа эзэмшин сууж, эрдэм соёлоороо хүн төрөлхтний зиндаанд зэрэгцэн хөгжихөд мэдээлэл харилцааны технологийн боловсролыг иргэддээ бага наснаас нь эзэмшүүлэх нь манай улсын хөгжлийн гол зорилтуудын нэг төдийгүй энэхүү хөтөлбөр нь зөвхөн өнөөдрийн бидний харж буй жижиг компьютер биш мэдээлэл харилцааны технологийн хөгжлийн хамгийн сүүлийн ололт дэвшлийг иргэддээ, өсвөр ирээдүй үеийнхэндээ хүргэх өөр олон боломжийг хайх, шинэ загварын компьютерүүд, түүгээр дамжин багш сурагчдад хүргэх, хамтран хөгжүүлэх боловсролын агуулга, дэвшилтэт шинэ арга зүй, хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнийг бий болгоход чиглэж байгаа бодлогын том шийдэл юм гэдэг нь харагдаж байлаа.

Түүнчлэн хөдөө орон нутаг, нийслэлд байгаа хүүхдүүдийн бүтээлээс “ Хүүхдийн ертөнц” хичнээн цэвэр ариун, хийж бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн байдгийг, илүү олон хүүхдийг компьютержүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай том орон зай үгүйлэгдэж байгаа нь мэдрэгдэж байлаа.

“Би чадна” тэмцээнд оролцож, авьяас билэг, оюун ухаанаараа шалгарсан сурагч багш нартаа баяр хүргэж цаашдынх нь сурлага, хөдөлмөрт улам их амжилт гаргахыг хүсье.

 

Мэдээллийг бэлтгэсэн ХХН-ийн сургалтын агуулга хариуцсан мэргэжилтэн:  Д.Энхтулга Холбогдох утас: 98633683