Player

Obtener Plugin Flash para visualizar este reproductor

Боловсролын тухай хууль PDF Хэвлэх Имэйл

 

МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ

 

2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр                                                                                                        Улаанбаатар хот
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Боловсролын тухай хууль тогтоомж
2.1. Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."бүх нийтийн ерөнхий боловсрол" гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.1.2."суурь боловсрол" гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.3."боловсролын агуулга" гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
3.1.4."боловсролын түвшин" гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
3.1.5."сургалтын байгууллага" гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;
3.1.6."албан боловсрол" гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;
3.1.7."албан бус боловсрол" гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.8. "багц цаг" гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.
3.1.9."хөгжлийн бэрхшээлтэй суралцагч" гэж төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан суралцагчийг;
3.1.10."сургалтын орчин" гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг;
3.1.11."төлөвшил" гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;
3.1.12."боловсролын нийгмийн ажилтан" гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.
/Дээрх 3.1.9, 3.1.10, 3.1.11, 3.1.12 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Боловсролын зорилго
4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий сургалт зохион байгуулахыг хориглоно;
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.
6 дугаар зүйл. Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг
6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.
6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо
7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд боловсролоос бүрдэнэ.
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.
8 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр
8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно. Албан сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат зэрэг хэлбэртэй байж болно.
8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл. Боловсролын баримт бичиг
9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Боловсролын агуулга, стандарт
10 дугаар зүйл. Боловсролын агуулга
10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
11 дүгээр зүйл. Боловсролын агуулгын түвшин, стандарт
11.1. Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, боловсролын улсын стандартаар нарийвчлан тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
11.2.Боловсролын стандарт нь суралцагчийн зайлшгүй эзэмшсэн байвал зохих боловсролын агуулгын түвшин, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
11.3.Боловсролын стандартыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай[1] хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Дээрх 11.2, 11.3 дахь хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.4.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын стандартыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, сургуулиуд дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын байгууллага
12 дугаар зүйл. Боловсролын байгууллага
12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.
12.2.Боловсролын байгууллагыг дор дурдсанаар ангилна:
12.2.1.ашгийн төлөө бус;
12.2.2.ашгийн төлөө.
/Дээрх 12.2 дахь хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
13 дугаар зүйл. Боловсролын байгууллагын тогтолцоо
13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.
13.2.Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын
сургалтын байгууллага
14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.
15 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага
15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.
16 дугаар зүйл. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн
байгууллага
16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын хөгжлийн асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, бүх шатны сургууль, цэцэрлэг, иргэдэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх, сургалт-арга зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлнэ.
16.2. Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон. Мөн 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
16.3. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага болон аймаг, нийслэлийн боловсролын газар  нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
16.4. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
17 дугаар зүйл. Албан бус боловсролын байгууллага
17.1.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд ажиллана.
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
17.3.Албан бус боловсролын судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
18 дугаар зүйл. Сургалтын бусад байгууллага
18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлж болно.
18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын үйл ажиллагаа тогтвортой эрхлэх бие даасан нэгжийг хууль тогтоомжид заасан журмын дагуу байгуулан ажиллуулж болно.
18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай2 хуулиар зохицуулна.
19 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллага байгуулах
19.1.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн байгуулж болно.
19.2.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох байгууллага
20.1.Боловсролын сургалтын байгууллагыг байгуулах тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай3 хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:
21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
21.1.З.сургалтын төлөвлөгөө;
21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
21.1.8. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3 - 21.1.7-д дурдсан баримт бичиг, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.
21.3.Шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногт багтаан тухайн сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийн баримт бичигт нэмэлт тэмдэглэл хийнэ.
21.4.Энэ хуулийн 21.1.1-21.1.7-д заасан баримт бичигт тавигдах шаардлага, загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.5.Боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд
бүртгэх

22.1. Боловсролын сургалтын байгууллага байгуулахад тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх асуудлыг дараахь журмаар шийдвэрлэнэ:
22.1.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;
22.1.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
22.1.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;
22.1.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэнэ. Магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах;
22.1.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;
22.1.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох, эсэх тухай шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх;
22.1.7.тусгай зөвшөөрөл олгох мэдэгдэл өгснөөс хойш 15 хоногийн дотор боловсролын сургалтын байгууллагыг бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийг үүсгэн байгуулагчид олгох.
22.2.Монгол Улсад болон гадаад улсад Монгол Улсын боловсролын стандартыг эзэмшүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хамтарсан буюу дагнасан хэлбэрээр байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
22.3.Боловсролын сургалтын байгууллага нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмдээ өөрчлөлт оруулсан, дүрмийн сан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа бүртгэх байгууллагад 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
22.4.Боловсролын сургалтын байгууллагыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай[2] хуулийн 7.1.4, 17 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгоно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
23.1.Тусгай зөвшөөрлийн хугацааг сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын хугацаатай уялдуулан тогтооно.
23.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.
23.З.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.
23.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
24.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:
24.1.1.аттестатчиллын үнэлгээ болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр боловсролын стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;

24.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
25 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах

25.1. Боловсролын сургалтын байгууллагыг дараахь тохиолдолд татан буулгана:
25.1.1.үүсгэн байгуулагчийн буюу үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр;
25.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
25.1.З.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
25.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1, 25.1.3-т заасны дагуу татан буулгасан бол энэ тухай шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн сургалтын байгууллагын удирдлага бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
25.З.Тухайн боловсролын сургалтын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.
25.4.Боловсролын сургалтын байгууллага татан буугдсан болон суралцагчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.
25.5.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүсэх эд хөрөнгийн харилцааг иргэний хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
26 дугаар зүйл. Боловсролын магадлан итгэмжлэл

26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь дээд боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааны түвшин, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажиллагаа мөн.
26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага, шинжээч хэрэгжүүлнэ.
26.3. Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
26.4. Магадлан итгэмжлэх байгууллага магадлан шинжилгээ хийх ажлыг гэрээний үндсэн дээр төлбөртэй явуулах бөгөөд гэрээнд өөрөөр заагаагүй бол буруу дүгнэлт гаргаснаас учирсан хохирлыг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцна. Төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишгийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Боловсролын удирдлага
27 дугаар зүйл. Боловсролын удирдлагын тогтолцоо

27.1. Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
27.2.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон ба 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
27.3.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дэргэд тухайн нутаг дэвсгэрт явуулах боловсролын үйл ажиллагааны бодлого, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллагын бүрэн эрх
28.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
28.1.2.боловсролыг хөгжүүлэх ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;
28.1.4.бүх шатны боловсролын стандарт, норм, норматив боловсруулах;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон/
28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
28.1.6.удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
28.1.7.цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
28.1.8.боловсролын стандарт, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг аттестатчилах, түүнчлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийг аттестатчилах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

28.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
28.1.10.боловсролын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;
28.1.11.гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах;
28.1.12.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.1.13.аймаг, нийслэлийн боловсролын газрыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
28.1.14. суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах  асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу  шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.15.боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
28.1.16.орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээнд үндэслэн дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн иргэдээс Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламжаар суралцуулах оюутны тоог жил бүр аймаг, нийслэлээр тогтоож, гэрээний үндсэн дээр суралцуулах журам баталж хэрэгжүүлэх;
28.1.17.энэ хуулийн 28.1.16-д заасан гэрээний үндсэн дээр дээд боловсрол эзэмшсэн багш, боловсрол, соёл, эрдэм шинжилгээний ажилтанг орон нутагт томилон ажиллуулах;
28.1.18.боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх;
28.1.19.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын тусгай сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх;
28.1.20.боловсролын стандартыг хэвлэх, түгээх ажлыг зохион байгуулах;
/Дээрх 28.1.15, 28.1.16, 28.1.17, 28.1.18, 28.1.19, 28.1.20 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.1.21. энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн. Мөн 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар энэ заалтын дугаарт өөрчлөлт орсон/
28.2.Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн захирлыг 5 жилийн хугацаагаар томилох бөгөөд ажлын үр дүнг харгалзан энэ хугацааг дахин нэг удаа сунгаж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
281 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн боловсролын газар
281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;
281.1.2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;

281.1.3.багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
281.1.4.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, аттестатчилах;
281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;
281.1.7.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
281.1.8.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
281.2.Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.
281.3.Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно.
/Дээрх 281 дугаар зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.боловсролын асуудлаар тухайн шатны ба доод шатны Засаг даргын тайлан хэлэлцэж, чиглэл өгөх;
29.1.2.орон нутгийн өмчийн боловсролын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
29.1.3./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
29.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.2.иргэнд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
30.1.З. орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
30.1.4. өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад  2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
30.1.5.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
30.1.6.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
30.1.7. багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
30.1.8.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд захиргааны хяналт тавих;
30.1.9. боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
30.1.10. орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх;
/Дээрх 30.1.7-30.1.10 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.11.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
30.1.12.үндэсний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
30.1.13.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
/Дээрх 30.1.12, 30.1.13 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
30.1.14. хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
31.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.2.хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах;
31.1.З. орон нутгийн өмчийн боловсролын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.4.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх;
31.1.5.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, мөн газрын саналыг үндэслэн чөлөөлөх;        
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/         
31.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.7.өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтад  2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
31.1.8.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
31.1.10.багш, суралцагчийн нийгмийн баталгааг сайжруулах, тэдний хөдөлмөрийн үр дүнг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, бусад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.11. боловсролын мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж байх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.

32 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
32.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1. сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийн хүүхдийг хамруулах;
32.1.2. иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
32.1.3. суурь боловсрол эзэмшээгүй иргэнд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах.
33 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын удирдлага
33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
33.2.Захирал, эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
33.З.Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна.
З4 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын өөрийн
удирдлага
34.1.Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургуулийн болон цэцэрлэгийн зөвлөл, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ. Сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршлыг харгалзан сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлийг дундын хэлбэрээр байгуулж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон/
34.2.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэ хуулийн 34.1-д заасан заалт хамаарахгүй.
34.3.Үүсгэн байгуулагч нь их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургуулийн удирдах зөвлөл байгуулах эрхийг тухайн сургуулийн удирдах зөвлөлд шилжүүлж болно.
34.4.Энэ хуулийн 34.1-д заасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Дээрх 34.3, 34.4 дэх хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
35 дугаар зүйл. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл
35.1.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг 3 жилийн хугацаагаар сонгоно.
35.2.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн төлөөллийг тэдгээрийн хамт олны хурлаас тус тус сонгоно.
35.3.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох бусад байгууллагын төлөөл¬лийг үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн нийт ажилтны хурлаас сонгоно.
35.4.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
35.4.1.сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүү¬лэхэд санал өгөх;
35.4.2.сургууль, цэцэрлэгийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох;
35.4.3.сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.4.4.сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.4.5.захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
35.4.6.багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах;
35.4.7.сурагчийн дүрэмт хувцасны загварыг тогтоох.
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.5.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь захирал, эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлаар үүсгэн байгуулагчид санал тавьж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.6.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь гишүүний бүрэн эрхийг зөвшөөрөх, зөвлөлийн даргыг сонгох, чөлөөлөх, үйл ажиллагаа явуулах журмыг хурлаараа баталж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
36 дугаар зүйл. Удирдах зөвлөл
36.1.Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөлтэй байна. Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
36.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна. Удирдах зөвлөлд орох үүсгэн байгуулагчийн төлөөллийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр болон түүний эрх шилжүүлснээр томилно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
36.З.Удирдах зөвлөлд орох багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас сонгоно.
36.4.Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгоно. Жил бүр удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг өөрчилж болно.
36.5.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл бүрэн эрхийн хугацаанд жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу гишүүдийн 1/З-ээс доошгүйн саналаар хуралдуулна. Захирал тодорхой асуудлаар удирдах зөвлөлийг хуралдуулах саналаа зөвлөлийн даргад тавьж болно.
36.6.Удирдах зөвлөл олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөлийн даргыг удирдах зөвлөлөөс сонгоно.
36.7.Удирдах зөвлөл үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
36.8.Удирдах зөвлөлд орсон үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь түүний бодлого, чиг үүргийг хэрэгжүүлнэ.
36.9.Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас өмнө өөрчилж болно.
36.10. Үүсгэн байгуулагч удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөллөө эгүүлэн татах, бусад гишүүний талаар сонгосон хамт олонд нь мэдэгдэх эрхтэй.
36.11. Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.11.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;
36.11.2. сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох.
/Энэ заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй./;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
36.11.З. хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
36.11.4. сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;
36.11.5. сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
36.11.6.удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх.
36.12. Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
37 дугаар зүйл. Боловсролын мэргэжлийн хяналт
37.1.Боловсролын мэргэжлийн хяналтыг боловсролын улсын хяналтын байгууллага, улсын байцаагч хэрэгжүүлнэ.
37.2.Боловсролын улсын хяналтын байгууллага нь боловсролын тухай хууль тогтоомж, бага, дунд болон мэргэжлийн боловсролын стандарт, сургалтын байгууллагын ажлын түвшин, түүнтэй холбогдсон норм, норматив, дүрэм, журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт тавина.
37.3.Боловсролын улсын хяналтын албаны дүрмийг Засгийн газар батална.
ТАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын эдийн засаг
З8 дугаар зүйл. Боловсролын төлөвлөлт, мэдээлэл
38.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын оролцоотойгоор боловсролын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.
38.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан төлөвлөгөө, арга зүйг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг боловсролын ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байна.
38.З.Цэцэрлэг, сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тогтоосон норм, нормативыг үндэслэн зорилтот төлөвлөгөөтэй ажиллана.
38.4.Өмчийн аль ч хэлбэрийн боловсролын байгууллага хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж боловсролын дээд шатны байгууллагад тайлагнана.
З9 дүгээр зүйл. Боловсролын санхүүжилт
39.1.Боловсролын санхүүжилтэд улсын төсвийн жилийн орлогын 2О-иос доошгүй хувийг зарцуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
39.2.Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, хөнгөлөлттэй зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон ба 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
39.3.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.
39.4.Боловсролын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
39.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын төв нь улсын төсөв, судалгааны ажлын төслийн зардлаар санхүүжнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
39.6.Орой, эчнээ, албан бус хэлбэрээр иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.7.Орон нутгийг боловсон хүчнээр хангах, чухал хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх, суралцагчийн авьяасыг дэмжих, орлого багатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшихэд зориулж сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох бөгөөд тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон ба 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Мөн түүнчлэн 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.8.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно.
39.9.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
39.10. Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэм, үүсгэн байгуулагчтай байгуулсан гэрээнд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.
39.11.Сургалтын байгууллага нь сургууль хөгжүүлэх сантай байж болох бөгөөд сангийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
40 дүгээр зүйл. Төрийн өмчийн боловсролын сургалтын
байгууллагын санхүүжилт

40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.
40.2.Төрийн өмчит бүх шатны сургуулийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон ба 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.3.Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
40.4.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
40.4.1. цэцэрлэгт улсын төсөв, эцэг, эх, асран хамгаалагчаас өгөх төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад  2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
40.4.2. ерөнхий боловсролын сургуульд орон нутгийн төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
40.4.З.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд улсын төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад  2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
40.4.4.их сургууль, дээд сургууль, коллежид улсын төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад  2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт  орсон/
40.4.5.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцна.
40.5. ./Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
40.5.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
40.6.Дээд боловсролын сургалтын байгууллага болон мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвд суралцагчдад төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, тэтгэлгийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.

40.7.Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.
/Дээрх 40.5, 40.6, 40.7 дахь хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
41 дүгээр зүйл. Төрийн бус өмчийн боловсролын сургалтын
байгууллагын санхүүжилт
41.1.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох хувьсах зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.
41.2.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчинг сайжруулах, тэдгээрийг багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газар тогтоосон журмын дагуу дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
42 дугаар зүйл.Боловсролын байгууллагын сургалтын орчин
42.1. Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
42.2.Боловсролын сургалтын байгууллага өөрийн харьяа хэвлэл, мэдээлэл, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг засварлах, үйлдвэрлэх, хангах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэгжтэй байж болно.
42.3.Цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйл болон суралцагчийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг холбогдох хууль тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсрол, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж мөрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
42.4.Боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна.
42.5.Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
42.6.Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, сургалтад зориулсан эзэмшил газартай байна.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
43 дугаар зүйл. Боловсролын харилцаанд оролцогчдын
нийгмийн баталгаа
43.1. Багш нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:
43.1.1.хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;
43.1.2.багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай4 хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй;
43.1.3.орон сууц барих буюу худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж авах;
43.1.4.бүх шатны сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 12 сарын, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан бол 18 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах;
43.1.5.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг үзүүлэх;
/Дээрх 43.1.4, 43.1.5 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
43.1.6.сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр тогтвор суурьшилтай ажилласан бол үндсэн цалинг 5 жил тутамд нэмэгдүүлэх бөгөөд нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтоох;
43.1.7.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн багшид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох;
/Дээрх 43.1.6, 43.1.7 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
43.1.8. хуульд заасан бусад баталгаа.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
43.2. Суралцагч нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:
43.2.1. оршин суудаг газраасаа сургуульд тогтмол явах боломжгүй, өнчин буюу амьжиргааны түвшин доогуур суралцагчийг дотуур байраар хангах;
43.2.2.ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв /анхан шатны/-ийн дотуур байранд төлбөргүй суух;
43.2.З.сурагчийг хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтаар сургуульдаа ирэх, гэртээ буцахад эцэг, эх, асран хамгаалагчийн зардал, хүсэлтээр унаагаар үйлчлэх арга хэмжээг сургуулийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
43.2.4. оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд 2 удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;
43.2.5.нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлыг тухайн нутгийн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;
43.2.6.Засгийн газраас тогтоосон журмын дагуу эмнэлэг, нийтийн хоол, соёл, урлагийн болон ахуйн үйлчилгээгээр үйлчлэх зардлыг хөнгөлөх;
43.2.7.суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
43.2.8.хөдөөгийн сумдын захиалга-гэрээний дагуу багш мэргэжлээр суралцаж байгаа оюутан, магистрантад сургалтын төрийн сангаас хөнгөлттэй нөхцөлөөр зээл, тэтгэлэг олгох;
43.2.9.сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагч-дад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох;
43.2.10.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцагчдад Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу сар тутам тэтгэлэг олгох;
/Дээрх 43.2.9, 43.2.10 дахь заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
43.2.11. хуульд заасан бусад баталгаа.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
43.3.Багш, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт, нөхөх олговор, тэтгэлэг, тэтгэмж, шагнал урамшил нь өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш байна.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Боловсролын харилцаанд оролцогчдын
нийтлэг эрх, үүрэг
44 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг
44.1. Багш дараахь эрхтэй:
44.1.1.сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;
44.1.2.сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;
44.1.З.суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
44.1.4.суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх;
44.1.5.суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;
44.1.6. судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх;
44.1.7. хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх;
44.1.8. үндсэн ажлын чөлөө цагаар мэргэжил, сонирхлын дагуу бусад байгууллагад гэрээгээр ажиллах.
/Энэ залтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
44.2.Багш дараахь үүрэгтэй:
44.2.1.багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;
44.2.2.боловсролын стандартыг хэрэгжүүлэх;
44.2.3.онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;
44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;
44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;
44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;
44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих.
/Дээрх 44.2 дахь хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
44.3.Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно.
44.4.Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.
/Дээрх 44.3, 44.4 дэх хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
45 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг
45.1. Суралцагч дараахь эрхтэй:
45.1.1. суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;
45.1.2. сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;
45.1.З. сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
45.1.4. суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;

45.1.5. хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
45.1.6. гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;
45.1.7.сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
45.1.8.уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.2. Суралцагч дараахь үүрэгтэй:
45.2.1. сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
45.2.2.багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
45.2.3. бие дааж суралцах арга барилыг эзэмших;
45.2.4. багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
45.2.5. сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;                           
45.2.6. сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.
46 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг
46.1. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:
46.1.1.хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох;
46.1.2.боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;
46.1.З.хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.
46.2. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:
46.2.1.хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;
46.2.2.сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
46.2.З.хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;
46.2.4. хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших.
47 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
47.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрхтэй:
47.1.1.мэргэжилтэн бэлтгүүлэх, ажиллагчдын мэргэшлийг дээшлүүлэх захиалгыг холбогдох боловсролын сургалтын байгууллагад өгөх, гэрээ байгуулах;
47.1.2.гэрээ, захиалгаар суралцагчийн талаар санал гаргах, шаардлага тавих;
47.1.3.ажилтандаа боловсрол олгох, түүний мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
47.1.4.боловсролын байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ивээн тэтгэсний төлөө хууль тогтоомжид заасан зохих хөнгөлөлт эдлэх.
47.2. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:
47.2.1.гэрээний дагуу суралцагчийг хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл, бололцоогоор хангах;
47.2.2. гэрээ, захиалгаар суралцагчийн сургалтын зардлыг төлөх;
47.2.З.ажилтан бие дааж сурч боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
48 дугаар зүйл. Боловсролын хууль тогтоомж зөрчигчид
хүлээлгэх хариуцлага
48.1.Суурь боловсрол олгох ажлыг хангалтгүй зохион байгуулсан, зохих арга хэмжээ аваагүй төрийн захиргааны болон боловсролын байгууллагын гэм буруутай албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хүлээлгэнэ.
48.2. Боловсролын тухай хууль тогтоомж зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
48.2.1. энэ хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчиж боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, авч ашигласан иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 50000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, хуурамч баримт бичгийг хураах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

48.2.2. энэ хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн бол 75000-100000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
48.2.3.ажил үүргээ гүйцэтгэхэд нь багшид санаатайгаар саад учруулсан, багшийн нэр хүндийг гутаан доромжилсон этгээдийг 30000-50000 төгрөгөөр торгох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
48.2.4.энэ хуулийн 22 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй сургалтын ажил эрхэлсэн бол сургалтын төлбөрийг суралцагчид буцаан олгож, иргэнийг 30000-50000, албан тушаалтныг 50000-60000, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгож, олсон орлогыг хурааж, сургалтын үйл ажиллагааг зогсоох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
48.2.5.энэ хуулийн 46.2.3-т заасан үүргийг хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол 10000-30000 төгрөгөөр торгох;
48.2.6.суралцагчийн бие махбодид халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан багшийг 10000-30000 төгрөгөөр, албан тушаалтныг 40000-60000 төгрөгөөр торгох;
48.2.7.боловсролын стандарт болон сургалтын байгууллагад тавигдах шаардлагыг зөрчсөн удирдах албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгох;
48.2.8.удирдах ажилтны болон багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн бол 50000-60000 төгрөгөөр торгох, эсхүл багшлах эрхийг хасах арга хэмжээ авах;
48.2.9.байгууллагад хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан, тэнцэлд тусгаагүй, түүнчлэн зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр торгох.
/Дээрх 48.2.6, 48.2.7, 48.2.8, 48.2.9 дэх заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

48.З. Энэ хуулийн 48. 2-т заасан шийтгэлийг шүүгч, сум, дүүргийн Засаг дарга, боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА                         С.ТӨМӨР-ОЧИР